Хайрын хүслэн бас хяслан. Үнэндээ бид түүнийг хэрхэн ойлгохоос л энэ бүхэн үүдэлтэй ажээ.
Магадгүй та хайраар дүүрэн амьдралыг мөрөөдөж бас жинхэнэ хайртайгаа учрахыг хүсч байгаа бол, хайр нь амьдралын аз жаргал байж чадахаа байчихаад цөхрөл, хагацлын үүдэнд тулчихаад ч байгаа бол, зүрх чинь дурлаж, хайрлаж байсан үеийнх шигээ булгилахаа байчихаад нэгэн хэвийн зурааст хэмнэлд шилжээд дурсамж дахь гэгээн хайраа үгүйлж байгаа бол энэ тухай уншаад үзэхэд илүүдэхгүй шүү.
Амьдралдаа хайрыг бүтээ.
Тиймээ, тэр хайрыг та өөрөө бүтээх ёстой. Түүнийг танд ямар нэгэн бурхан, ертөнцийн эзэн, өөр хэн нэгэн өгөхгүй бөгөөд гагцхүү аз жаргалтай сайн сайхан амьдрал, хайр сэтгэлийг та өөрөө л бүтээж чадна. Харин бурхан магадгүй танд өөрийн хүслээр жаргах, бас зовох тэр эрхийг өгсөн байх. Тэгэхээр жаргана уу, зовно уу, хайрлана уу, хайрлуулна уу таны эрх мэдлийн асуудал байхнь. Маргах хүн олон байгаа байх, гэхдээ маргахын тулд маргах, үгүйсгэхийн тулд үгүйсгэх гэхээсээ өмнө үнэхээр тулхтай бодоод үзэхийг санал болгоё. Дараа нь хүссэнээрээ байгаарай.
Энгийн нэгэн жишээ. Нэгэн усны сав байх, түүний дотор тал нь бохирдсон ч байж болно, эсвэл ариутгагдсан ч байж болно. Түүнд “мөнхийн ус” хийжээ. Тэр “мөнхийн ус” нь тэрхүү савны бүтцээс өөр ямарваа нэгэн бодисыг тун ялимгүй холилдоход мэдрэг бөгөөд өнгө зүс, үнэр амт төдийгүй гайхамшигтай мөн чанарт нь ч өөрчлөлт ордог тул хэдийгээр “мөнхийн ус” хэмээгдсээр байвч магадгүй “мөхлийн ус” мэт болчихсон байхыг ч үгүйсгэхгүй. Энд би чухам юуг хэлэхийг хүсэж байна вэ гэвэл. Бид сэтгэлээ бохирдуулж, түүнийг хямгадахыг хүсэвч, дарж, далдалж, үнэндээ ганд нь хаячихсанаас болж хичнээн гэгээн агуа тэр хайрыг мэдрэх чадваргүй болчихдог аж. Гэхдээ сэтгэлийн саваа цэвэрлэж болно шүү дээ. Мэдээж түүнийг зөвхөн та л хийж чадна.
Хайр дүүрэн амьдрахын тулд, амьдралдаа гайхамшигтай хайрыг бүтээхийн тулд мэдээж “саалиа бэлдэхээр саваа бэлд”-эх хэрэгтэй. Уг тэрхүү сэтгэлийн савыг угаалгын ямар нэгэн шингэн эсвэл нунтагаар цэвэрлэчихдэг бол хичнээн амар байх билээ. Эсвэл эмийн санд түүнд зориулсан жор бүхий тан байсан сан бол, бүүр ядахад гандан хийд ороод ганц сайхан ном хуруулчихад л сэтгэл гэдэг сэв ч үгүй, зэв ч үгүй болчихдог сон бол ч.
Хайр дүүрэн амьдрахын тулд, жинхэнэ хайрыг бүтээхийн тулд ердөө л түүнийг олж харж чаддаг, мэддэг байх л хэрэгтэй.
Нэгэн үлгэрээс иш татья л даа. Нэгэн үгээгүй ядуу гуйлгачин хүмүүний биеийг олж төрсөн ч нохой ч түүнээс илүү амьдардаг байв. Тэр хувь заяандаа гомдоно, бусдад заяасан тэр сайхан амьдралд атаархана, Түүний дэргэд өлөн нохой ч ядаж үстэй тул даарахгүй аж.
Бурхан түүнийг хараад сэтгэл нь их өвджээ. Тэгээд зайлуул хөөрхий түүнийг нэг удаа ч гэсэн баярлуулья даа гэсээр гэлдсээр, салжилсаар явах зам дээр нь шуудайтай алт тавьжээ. Харин гуйлгачин алтанд дөхөн очих тэр мөчид буданд хорвоогийн өнгийг харахыг хүссэнгүйдээ нүдээ тас аниад дээгүүр гарахдаа ядарсан муу гуйлгачингийн замд хогоо хүртэл тавих юм даа хэмээн гасалсаар өнгөрөв.
Үлгэрийн туршид бурхан түүнд хэдэндээ энэхүү бэлгээ өгөхийг хүссэн ч гуйлгачин түүнийг нь олж харахгүй гагцхүү тэр өөрийн хувь заяагүйг гайхсаар, өөрт ийм тавилан өгсөнд бурханыг бас өөрөөс нь сайн сайхны булаагаад авчихсан байж болох бусдыг ч зүхсээр хөлдөө хэвтэх эрдэнэсийг олж харалгүй, хог хэмээн итгэсээр дуусдаг.
Хэрэв тэр хэзээ нэгэн цагт хөлд минь алт эрдэнэс таарч болно гэсэн өчүүхэн ч гэсэн итгэлтэй, бас ядаж л таараасай гэсэн горьдлоготой байсан бол түүнийг заавал олох байсан нь гарцаагүй. Боломж бидэнд ямагт байдаг. Байх байхдаа гараа сунгаад хүрэх тэр зайд л байдаг. Гагцхүү бид түүнийг боломж гэж олж харж чаддаггүй, бас боломжгүй хэмээх гунигт бодолдоо автаад олж харахыг ч хүсдэггүй. Бид гэгээн өнгөлөг, сайн сайхан, зөв зүйтэй бүхнийг огт байхгүй хэмээсээр л байвал бидний хувьд тэр бүхэн үнэхээр байхгүй чигээрээ л дуусах болно.
Одоо хайрын тухай эргээд бичмээр байна. Би дурлаж үзсээн, хэзээ ч дахин хэн нэгэнд ингэтлээ дурлахгүй, хэнийг ч чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүй, хүн чанар үгүйсгэгдсэн, хатуу мөлгөр энэ орчлонд хайр гэдэг тийм ариухнаараа байхгүй, байдаг бол зөвхөн уран зохиолд л байдаг байх, дахин шаналахгүйн тулд, дахин энэлэхгүйн тулд би хэн нэгнийг хайрлахыг хүсэхгүй, үнэндээ бол хайраас айж байна, нас хөгширчээ, хайрлана дурлана гэдэг чинь залуу насанд л байдаг зүйл, миний насныханд зохицол, таарамж, нийцэл л гэж байдаг гэх. Та иймэрхүү яриаг сонсож байвуу, магадгүй аль нэгийг эсвэл аль нэгэнтэй нь төстэй үгийг өөртөө бас бусдад хэлж байсан ч байж болох юм тийм үү.
Та ингэж бодоод, үүндээ итгэлтэй байгаад байвал сэтгэлдээ нууцхан, бүүр нууцханы нууцханаар хүсэмжилж явдаг тэрхүү гэгээн хайрыг балыг хэзээ ч амталж чадахгүй.
Тэгвэл яах ёстой гэж.
Хайрын 10 нууцны эхнийх нь нууц энэ бол:
ХАЙРЫН ТУХАЙ ӨӨРИЙН БОДЛЫГ ӨӨРЧИЛ, ХАЙР ДҮҮРЭН БОДОЛ САНААТАЙ БАЙХ АВААС ТА ХАЙР ДҮҮРЭН АМЬДРАЛЫГ, ГАЙХАМШИГТ ХАЙРЫГ ӨӨРИЙН АМЬДРАЛД БҮТЭЭЖ ЧАДНА.
Хайр бодлоос эхэлнэ. Бодлыг эзэмдэж буй тэр зүйл биднийг тодорхойлж, хайр дүүрэн бодол санаа л хайр дүүрэн амьдрал, хайр дүүрэн харьцааг бий болгоно.
Та маргаашийн мандахын улаан нарнаар босоод л хайр дүүрэн амьдралтай болчихно гэсэн үг биш. Та тэгж чадах ч үгүй болов уу. Гэхдээ бага багаар бий болгосон итгэл үнэмшил, таны амьдралыг гэрэлтүүлэх дэнлүүний хүчийг нэмэгдүүлээд зогсохгүй, тэр хэрээр танд харанхуйд үл харагдаад огт байхгүй эсвэл хар өнгөтэй л гэж бодож, бас итгэж байсан зүйлсийн тухай илүү өнгөлөг, тод томруунаар харах бас мэдрэх боломжийг бий болгоно. Мэдээж ийм итгэл үнэмшлийг бий болгохын тулд эхлээд өнөөдөр танд байгаа бүхэнд сэтгэл хангалуунаар хандаж сурах хэрэгтэй. Та өөрөө, таны амьдрал, танд байгаа бүхэн хичнээн үнэ цэнэтэй сайн сайхан зүйл болохыг мэдэрч чадвал та түүнээс ч сайн сайхныг хүсч сурах болно. Хэдийгээр та гадаа нартай тэнгэр цэлмэг байгаасай гэж хичнээн хүсэж байгаа ч уйтгар гунигт автаж, итгэл алдарч, сэтгэл ядарсан эсвэл хайрын энэлэлээр шаналж буй бол танд улайж, бөлцийсөн нүдээ нуух гэж нүдэндээ зүүсэн нарны хар шилээ авч хаяад хэцүү хүнд бүхэн чинь үнэндээ давуу тал байж ч болох гэдгийг эргэцүүлээд бас итгэх гээд оролдоод үз гэмээр байна.
Бэрхшээлийн цаана бэлэг бий гэдэг. Үнэндээ бэрхшээл хүндрэл, зовлон, азгүйтэл нь танд өөрөөр амьдрах, өөрөөр ажиллах, өнөөдрийн алдсанаас чинь илүүг ч олж мэдэх тэрхүү боломжийг олгож байдаг гэдэгтэй эвлэрээд үзэхэд юу нь буруу гэж.
Алдаж буй зүйл бүхэн бидэнд түүний үнэ цэнийг мэдрүүлж байдаг. Бид амьдад нь хайрлаж, ачилж чадаагүй аав ээжийгээ алдсан ч тэднийхээ тухай улам бүр сайн сайхан дурсамжуудыг санагалзаж, ганцхан заяагдсан тэд маань надад хичнээн их үнэ цэнэтэй байсныг мэдэрдэг. Гэтэл заавал өнгөрсөн хойно нь харамсахгүйгээр өрсөөд тэр сайн сайхныг мэдэрч болно шүү дээ. Та илүү ихийг алдчихаагүй байгаа дээрээ илүү ихийг бүтээх гээд үз.
Өөрийнхөө тухай болон бусдын тухай бодож явдаг таагүй үнэлэмжүүдээ өөрчлөх гээд үз.