Бид өөр өөрийн хүссэнээ, бодсоноо, санаснаа л бичдэг. Бас өөрсдийн уншихыг, мэдэхийг, танихыг хүссэнээ л уншдаг. Гэхдээ бидэнд нийтлэг чанар маш олон. Бид үзэгдэх өнгө сайхныг бус мэдрэгдэх өнгө чанарыг эрхэмлэдэг. Энэ чанараараа өөр хоорондоо ижилсэж, энэ чанараараа бас өөр хоорондоо ялгагддаг.
Би бичмээр санагдсан санаагаа тэр дор буулшаж амждаггүй л дээ. Ажил бас ажил гээд л. Гэхдээ заримдаа амжаад зарим нэг санаагаа товчхон гарчиглаад орхичихдог юм. Бүүр дараа нь тэр сэдэв, гарчигаа хараад тухайн үед юу бодож үүнийг бичсэнээ санадаг ч энэ цаг мөчид басхүү жаахан өөрчлөгдсөн ч юм шиг эсвэл арай өөр хувилбар байж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч юм шиг санагддаг. Нийгэм ч, би ч өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр л байгаа шүү дээ.
Өнөөдөр хуучин тэмдэглэлээ сөхөж суугаад гэнэт нэгэн санаа төрлөө. Гарчиглаад орхисон санаа олон байх юм. Тэгээд хүн бүрт энэ сэдвээс өгөөд бичүүлбэл хичнээн олон сонирхолтой санаа гарч ирэх бол гэж. Яагаад туршаад үзэж болохгүй гэж. Тэгээд зарим нэг нөхөдтэйгээ санал солилцож үзэв. Дэмжиж байнаа.
Блог ертөнцийн гайхамшигт залуус та бүхнийг би уриалахаар шийдлээ. Нэгэн сэдэв дор бүгдээрээ бичих нэгэн сарын аянг би зарламаар байна. Хүн зөвхөн нэг сэдвээр нь бичиж болно, Бас бүх сэдвээр нь ч бичиж болно. Хэн хэн бичсэнг мэдэх хэрэгцээ надад бий. Үүнд блогчдыг зохион байгуулагчид маань туслах буй заа. Бас бусдынхаа бичлэгт санал өгч байгаарай гэмээр байна. Учир нь би бусдын сэтгэлд хамгийн их нийцсэн тэрхүү бичлэгийн эзэдийг бас шагнамаар байна. Уралдаанд оролцож байна гэж хичээх хэрэггүй ээ. Зүгээр л өөрийнхөөрөө бай. Танд тийм эрх чөлөө бий шүү дээ. Та өөрөө өөрийнхөөрөө байж чадсанаараа гайхамшигт ертөнцийн нэг өнгийг бий болгож, нэгэн дуу хоолой байж чадна.
Тэгэхээр бичлэг ямар байх вэ? гэдэг асуудал гарч ирнэ дээ. Тэгэхээр ингэе. Хэн нэгэн хүний бичлэгээс хулгайлаагүй. Эх сурвалжийг заавал дурьдсан байх хэрэгтэй. Хэн нэг хүний нэр төр, ажил, амьдралд илт хохирол учруулахуйц байж болохгүй, хэт бүдүүлэг, бас хэдэн өдөр дамнаж уншихаар урт бус, дээр нь зөвхөн монгол хэлээр бичигдсэн байх хэрэгтэй. Аан тийм бас бичлэгээ бичдэггүй зураач, зурагчид бас байгаа тэдэнд ч нээлттэй шүү.
Тэгэхээр тоолуур маань 2009 оны 1 дүгээр сарын 10-наас эхлэнэ, 2 дугаар сарын 10 дуусна. Зохион байгуулалттай холбоотой зарим мэдээллийг цаг тухай үед нь мэдээлье.
Шагнал уу, тэр нууцаа. Хамгийн гол нь та энэ ертөнцийн нэгэн гишүүнийхээ хувьд өөрийн дуу хоолой, үзэл бодлоо, өөрийнхөөрөө илэрхийлэхийг хүсч энэ аянг дэмжиж оролцоно гэдэгт би итгэлтэй байна. Танд амжилт хүсье.
Тухайлсан сэдэв:
1. Цагаан сарын баяр ба баярын цагаан нулимс
2. Шинэ цагийн хуучин хүн
3. Нисэж яваа шумуулын үг
4. Ард түмэн Бид 2 хаана явна вэ?
5. Аз жаргалын амт ба үнэ
за ингээд надтай холбоо барихаар бол
email хаяг: injideed@yahoo.com миний блог: www.injidee.blog.mn, https://injidee.blogmn.net