2009-1-12
Загас усандаа л жаргалтай

Бид үнэндээ хэт нийгэмжсэн дүрүүд буюу нийгмийн амьтан болчихоод байгалийн биет, сэтгэц бүхий оюун санаатан гэдэгтээ тэр бүр ач холбогдол өгдөггүй. Бусдын зэрэгт амьдарна гэдэг буруу биш ч аз жаргал, амжилт, сайн сайхан бүхнийг бусдын хэмжүүрээр хэмжээд эд баялгаар хангалуун, нэр хүндтэй, албан тушаал өндөртэй, нөлөөтэй нэгэн байхад хэт анхаараад байвал өөрийнхөөрөө амьдарч чадахгүйд хүрч болох юм. Зорьсон бүхнээ олж авсаны эцэст тэр бүхэн тань танд сэтгэл ханамж өгч чадахгүй бол хичнээн харамсалтай.

Нийгмийн дүрийнхээ хувьд хэт зорилго тавиад, өөрийгөө хариуцлага хэмээх хүлээсэнд хүлээд хүчлэн зүтгэх нь “амжилтанд” зайлшгүй хүргэх нь гарцаагүй ч тэр бүхэн таны байх ёстой орон зай, хийх ёстой ажил, жинхэнэ утгаараа аз жаргалтай байх бяцхан "цөөрөм" мөн үү гэж бодоод үзэх хэрэгтэй байх. Хичээл зүтгэл хэзээд үр дүнг дагуулдаг  ч таны хүрсэн амжилтыг хэн нэгэн түүнээс ч илүү хийчихэж чадахаар бол магадгүй та би зөвхөн үүнийг бүтээх үүрэгтэй ирсэн гэдэгтээ итгэлтэй бус байвал өөр нэгэн газар, өөр хэн нэгэнд та  жинхэнээсээ хэрэгтэй байж болох юм гэдгийг бүү мартаарай.

Байх ёсгүй газартаа та өөрийгөө хүчлэн уяснаар танд өөрт тань хийгээд таны эргэн тойрныхонд “сайн” үр дүн бага төдийгүй та өөрөө өөрийгөө эрэлхийлэх төрөлх мөн чанараасаа зугтааж чадахгүй тул аар саархан “нүгэл” ээр сэтгэлээ хууран өдрөөс өдөрт амьдралын утга учир тань бүдгэрсээр байхад хүргэх вий.

Тойруулж бөөрөнхийлэлгүй тодорхой жишээнд буулган өгүүлэхэд бусад хүмүүсийн хувьд “сайн” гэгддэг ажил, амьдрал, дүр байдал таны жинхэнэ чадах, жинхэнэ байх ёстой, та зөвхөн тэнд л өөрийгөө таньж, өөрөөрөө байх тэр бүхэн байж чадах уу? Тухайлбал: Цалин орлого өндөртэй, томоохон албан тушаал. Нийтлэг хүн бүхний мэддэгээр нь УИХ-ын гишүүн гээд аваад үзье л дээ. Тэнд үнэхээр байх ёстой хүмүүснь байж чаддаг уу? Та үгүй гэх байх, харин тэр хүн өөрийгөө тэнд байх ёстой хүн гэж бодож байгаа болов уу, таны болон миний асуултад тийм гэж хариулахгүй байж болох ч сэтгэлдээ “эсгий хийх газар хүүхэд нохойн хэрэггүй гэдэг шиг” гэж бодож байхыг үгүйсгэхгүй. Төрд байх ёсгүй хүмүүс гарснаар улс орны хувь заяанд ч нийгмийн сэтгэл зүйд ч хичнээн сөрөг дарамт үүсдэг билээ. Яг тэрэн шиг та яг өнөөдрийн ажиллаж, амьдарч байгаа газартаа байх ёстой хүн мөн үү? Хараахан мэдэж амжаагүй байж болох юм. Миний уншсан нэгэн номонд их нэр хүндтэй, амжилттай, алдартай өмгөөлөгч нэг л өдөр өрөөлийн хувьд аз жаргалтай гэгдэх тэр амьдралаа орхиод буяны байгууллагад спортын дасгалжуулагч болчихсон ч тэр хүн орхисон бүхнээсээ илүү олж авсан амьдралдаа сэтгэл хангалуун байгаа тухай өгүүлсэн байдаг.

Өөрийгөө олж авч чадаагүй хүмүүс илүү аз жаргалгүй байдаг бөгөөд бусдын жишгээр өөрийн аз жаргалыг хэмждэг хүмүүс тэднээс ч илүү аз жаргалгүй байх боломжтой. Та өөрөө өөрийнхөө эрэлд мордохыг хүсч байвал зоригтой алхамыг хийхдээ бүү алгуурлаарай. Бас таны дотны хэн нэгэн таныг орхиод энэхүү алхамыг хийхэд нь тусалдаггүй юмаа гэхэд бүү саад хий. Энэ нь таны хувьд дэндүү тэнэг мэт санагдаж болох юм. Зүгээр л явуулчих. Хэрэв тэрээр өөрийн тань дэргэд байхыг өөрийн байх ёстой газар мөн гэдэгтээ итгэлтэй болчихоод ирвэл таны амьдрал ч илүү таатай байх болно. Хэрэв эргэж ирэхгүй бол түүнд ч танд ч түүнээс илүү боломж амьдралд бий гэдэгт итгэхийг хичээгээрэй.

Хөөрхий загас гуайг ууланд аваачаад тавьчихвал тэр дороо л чад. Ум маани бад мэ хум, нүгэлтэй зүйл биччихэв байна. Хүн хаана байх ёстой тэр газартаа жинхэнэ мөн чанараараа өөрөөр хэлбэл өөрөөрөө, өөрөө өөрийхөөрөө байж чадна. Загас усандаа жаргалтай гэдгийг гол утга учир нь хүн өөрөөрөө байх, хүмүүс өөрөө өөрөөр чинь хүлээн зөвшөөрч, би энэ ертөнцийн нэг эд эс гэдгээ мэдэрч амьдрахыг л хэлдэг байх. Хүмүүсийн аз жаргал гэж төсөөлж, эсвэл зорьж бүтээж, бусдад үнэлэгддэг эсвэл инээгээд л, баясаад л, хүссэн бүхнээ аваад л байх газар бүр тэр хүмүүний жинхэнэ байх ёстой орон зай биш байж болно. Энэ утгаараа хүн өөрөө өөрийгөө олж авч чадсан үед л өөрийн жаргах "цөөрөм"ийг олж чаддаг гэж ойлгож болох юм.

 Агуу их хайр ч өөрийн сул орон зайтай. Тэр нь эргэлзээ байх хийгээд эргэлзэхгүй болсон цагтаа л агуу хийгээд мөн чанарлаг шинжээ сая агуулж чаддаг. Эргэлзэх нь буруу зүйл биш шүү дээ. Үүнтэй эвлэрээд сурчихвал танд олон асуудал хялбар хийгээд гэрэл гэгээтэй болох болно.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant