2008-12-23
Дөрвөн сармагчин найрал хөгжим тогложээ

Хөгжмийн ертөнцөд нэгэн өвөрмөц дөрвөл байх. Уг нь сонгодог хөгжмийн дөрвөл л байх ёстой хамтлаг л даа. Бүгд урлагийн ертөнцийн агуу одод байх хүсэлтэй. Юу тоглох нь тийм ч чухал биш бөгөөд гагцхүү тэд тэрхүү дөрвөлд багтаж бас аль нэгэн хөгжмийн зэмсгийг тоглох нь л чухал.

Тэд уг нь энэ хамтлагт тоглох хүсэлтэй олноос авхаалж самбаа, авьяас чадвар, аливаа арга ухаанаараа шалгараад гарч ирсэн тул сайн тоглоно гэдэгтээ итгэлтэй байв. Үнэндээ хөгжим тоглох гэж тэдний хувьд их амархан санагдана. Хэдэн утас татаж, товчлуур дарах юу нь ч хэцүү байх билээ. Гол нь дөрвөл хамтлагт тоглосноор тэдэнд асар их боломж бас нэр нөлөө бий болж байгаа юм чинь хэцүүхэн байсан ч явцдаа дороо л сурчихна л даа. Тэгээд ч сонсогчид нь гэсэн хөгжмийн талаар мэдлэг тааруухан юм чинь өөрсдөө болж байна, хариугүй болох гэж байна гэсэн үгээр амархаан мадалчихна нь гарцаагүй. Эхний удаад хэн эхэлж самбаачилсан нь хөгжмийн зэмсгээ сонгоод л тоглож гарав. Хуран чуулсан сонсогчид ч бас тэдний хүссэнээр л тоглож байгаад нь талархаж байв. Тэд ямарч байсан хөгжмийн зэмсгүүдийг дуугаргаж чадаж байлаа.

Тоглолтын улирал гэж байх. Тэр улирал ч дуусах дөхөв. Хөгжмийн дөрвөл маань өөрсдийн нэгэнтээ гараад ирсэн орон зайгаа тавиад өгчихийг мэдээж юу гэж хүсэхэв. Гэхдээ бас болоогүй ээ бусдын нүдэнд илүү өртөж, дөрвөлөө ахлах байр суурийн төлөө битүүхэндээ хоорондоо өрсөлдөөд үзнэ. Бяцхаан өөрчлөлт буюу байр суурний сэлгээ хийгээд сонсогчидодоо бид одоо л яг л жинхэнэ найрал хөгжим тоглох болно гээд тунхаглачихав. Өмнөх улирлын туршид тэдний “тоглолт”-ыг хангалттай сонссон олон чухам энэхүү тоглолтыг яах гэж сонсоод байгаагаа төдийлөн сайн ухаараагүй ч тэд тоглож байж бид хөгжмийн яриуу тунгалгийг мэдрэх болно хэмээн хүлээсээр л.

Гэхдээ дандаа хүлээсээр байхыг зарим нь бас хүссэнгүй, тоглолт болдгоороо болж байгаа гагцхүү хүсэн хүлээсэн таашаалаа хэн бүр авч чадахгүй байв. Сонсогчид уйдаж эхэлжээ. Тэгээд ч дараагийн улиралдаа арай шинэлэг аялгуу сонсохыг хүсэж, тэр ёсоор нь ч цоо шинэ дөрвөл бас гарав. Тэднийг хөгжим хэрхэн тоглох тухай илүү ихийг “мэддэг”, басхүү өмнөх хөгжимчдийн тоглолтыг хурцаар шүүмжилж чадсан болохоор нь сонсогчид ч ихийг хүсэж хүлээх нь мэдээж. Харин энэ удаад шинэхэн дөрвөл маань уг хөгжмийг хэрхэн дуугарах асуудалдээрээ өөрсдөө багагүй будилав. Улирлын хугацааг ч хүлээсэнгүй ямарё байсан бидэнд хугацаа байгаа тул хүссэнээрээ байраа бас зарим нэг гишүүнээ ч сэлгээд амжив. Үр дүн нь мөн л үзэгчид сонсогчдод хүлээсэн тэр үр дүн биш байлаа. Тайлбар хийж байнаа, өмнөх хамтлагийнхан хөгжмөө анхнаасаа буруу хөглөчихөж бид энэ бүх хугацаанд хөгийг нь засаж тааруулах гэсээр байгаад яг үндсэн тоглолтоо хийж амжсангүй гэв.

Сонсогчид энэ удаад эргэлзэж эхлэв. Хэн нь сайн тоглох юм болоо. Ядаж дуугаргаж байсан хэд нь үү, эсвэл яг зөв дуугаргах гэж байсан хэд нь үү.

Энэ мэтчилэн ээлжилж, сэлгэж, эвсэж, нийлж, бас салж, нурааж явсаар хөгжмийн ертөнц үнэндээ дампуурах тийшээгээ хандчихав. Сонсогчид хөгжмийн таашаалыг авч чадсангүй. Одоо яах хэрэгтэй вэ? Дахиад л цоо шинүүдийг шалгаруулах уу? Ингэхэд шалгаруулж сонгож байгаа улс нь өөрсдөө хэр мэдэж шалгаруулдаг билээ, бас дүрэм нь, тэгээд ямар хөгжим сонсож, тэрнээсээ ямар таашаал авахыг хүсээд байгаа билээ. Бодох л зүйл.

Ухаантай амьтад олон янзаар л тайлбарлана, нэг нь нэгнийгээ ямагт үгүйсгэнэ, хэнийх нт зөв хэнийх нь буруу юм бүү мэд.

Омар Хайямын шүлэглэсэн шигээ: ГЭНЭТ ХӨШИГ ШАРХИЙН УНААД ТЭНЭГҮҮДЭЭ ТА НАРЫН ХЭНИЙХ НЬ Ч БИШ гэх вий дээ.

Хамгийн ихээр эргэлзээд байгаа зүйл маань ИНГЭХЭД САРМАГЧИН НАЙРАЛ ХӨГЖИМ ТОГЛОХ НЬ зөв юм болов уу.



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant