2008-12-23
Хүмүүс арав хорин төгрөг тавибал түүгээр нь тавгийн чихэр аваад тавьчихна даа

Дарь эхэд байгуулагдсан “Би чадна” хүүхэд бие даан хөгжих төв дээр өнгөрсөн хагас сайн өдрийг өнгөрөөв.  Үдээс өмнө эртхэн очоод тэндэхийн хүүхдүүдтэй тэдний бодол санаа, хүсэл эрмэлзлийн тухай ярилцаж, хүүхдийнх гэх ертөнцийн тухай илүү ихийг мэдэх болсон төдийгүй өөрийгөө зарим талаар тэднээс юугаар илүү бас давуу юм бэ гэсэн бодолд автуулахад хүргэв.  Би хагас сардаа нэг удаа айлчилж очдог бөгөөд очих бүртээ тэр хүүхдүүдийн тухай илүү ихийг мэдэх шиг санагддаг юм. Өнгөрсөн хагас сайнд очиход энэ төвийнх болоод бараг 2 сар болчихсон хууччуул нь хэзээний хуучирчихсан төвийн дүрмээ зарим талаар өөрсдөө зохиочихсон суух юм.

Намайг очиход тэд үүдний өрөөндөө бужигналдаж байлаа. Багтахгүй бужигнаад байгаам болов уу гэсэн үгүй ажээ. Анхны өдрөөс л тэндийн байнгынх болсон 3 дугаар ангийн сурагч гэх 2 хөөрхөн охин жижүүр хийж уншлагын өрөөгөө цэвэрлэж байгаа тул бусад нь үүднийхээ өрөөнд цэвэрлэгээг дуусахыг хүлээж суугаа аж. Зүгээр л холхиод байгаа хүүхэд ховор харагдаж байлаа. Арай том гэх хэд нь номын сангаа янзлах аж. Жижигхэн хүүхдүүд ном авч үзэхээрээ ангилалаас нь зөрүүлээд өөр газар хийчихээд байхын, байранд нь тавьсан ч өндөр нам, өргөн нарийнаар нь хийхгүй муухай харагдаж байгаа биз дээ. Ингээд янзалчихвал хамаагүй дээр. Дандаа багшид ажил нэмж байдаг юм шүү эд нар гээд л.

Өнгөрсөн долоо хоногийн хагас сайнаас эхлээд бид төвийнхөө шинэ жилийг тэмдэглэхээр бэлтгэж байна даа. Та харж байгаа биз. Өрөөгөө бид өөрсдөө чимэглэсэн шүү. Том жижиггүй бүгд л оролцсон. Энэ шаарыг яаж дээр таазанд тогтоохыг та мэдэх үү. Ингэдэг байхгүй юу даа гээд л үсэндээ баахан үрснээ дээш нь шидчихэд яалт ч үгүй таазанд очоод наалдчихав. Багачууд нь цаагуур газарт байгаа шаараар харилцан тоглоход баяр болоогүй байхаад хамаг шаар хагалчихваа одоо больцгоо гэх агаад хэдий тэгж хэлсэн ч өөрөө хүүхэд л юм болохоороо хажуудаа ирэх шаарыг инээд алдан бусад уруугаа дамжуулна.

Жамиа гэх 6 дугаар хүү их л танимхайран урьд сууснаа та нээрээ боломжтой бол гар утсаа өгч байгаач би нэг хүн хэзээ ирэхийг асуумаар байна. Мөд ирэхгүй бол дүүтэйгээ хамт гялсхан нэг газар уруу явж ээждээ юм хүргэж өгөнгөө, бас нэг нууц ажил амжуулаад ирмээр байна гэлээ. Би утсаа өгтөл төвийн эрхлэгч Гантуяа ураа багшаа гэсээр гүйж очоод нэгэн дугаар уруу залгуулах аж. Тэгснээ “сайн байна уу? Обод ахаа би “Би чадна” төвийн том Жамиа байна. Та ирэх үү, хэдийгээр ирэх вэ, аан за, тэгвэл хүлээж байя” гэв. Хагас сайн бүрт Обод маань очсоор байгаад энэ төвийн хүүхдүүдийн хувьд хүсэн хүлээдэг хүн нь болчихсон нь андашгүй байлаа.

Том хийгээд хууччуул гэх хүүхдүүд надад ам уралдан сонин хачнаа хүүрнэнэ. Оргио ах нэг гацуур авч ирнэ гэсэн. Бид өнөөдөр гацуураа чимэх санаатай цуглаад байна. Өнөөдөр ч урьд өмнөх амралтын өдрүүдээс хамаагүй олон хүүхэд ирсэн байгаа биз. Шинэ жил дөхөх тусам хүүхдүүдийн сэтгэл хөөрөөд л тэр. Эртхэн шиг гацуураа засчихвал орж, гарч байгаа хүмүүс эрх биш арав хорин төгрөг тавина биз, хэрэв овоо мөнгө тавьбал тавагны чихэр авч тавина даа. Шинэ жилээр хүмүүс орж ирэхэд амсуулах чихэр байхгүй бол ёстой муухай юм болно доо гэсээр хэзээ язааны том хүмүүс шиг хэвлүүхэн ярихыг нь яана.

Үдээс хойш Обод ах, Оргио ах нар багадаа гэртээ засдаг байсан юм яаж босгодог байсныг сайн мэдэхгүй гэсээр нэгэн хуучин гацуур барьсаар ирэв. Нөгөө хүүхдүүд маань дажгүй гацуур байна. Босгож болж л таараа гэсээр үнэндээ нэг их удалгүй гацуур маань бэлэн болов. Ширээн дээрээ тавиад үзнэ дээ. Их өндөрдөөд байвал өрөөнийхөө нэг буланд л байрлуулахаас гэнэ. Ямартаа ч ширээн дээр засахад их боломжийн байлаа. Ингэхэд бидэнд гацуураа чимэглэх тоглоом алга юм байна шүү дээ гэсээр намайг уулга алдахад хүүхдүүд өө зүгээрээ үнэтэй тоглоомоор яахын юмханаар юм хийчихнэ шүү дээ гэсээр Ганаа багшаараа цаас будаг хайч, скоч гэсээр баахан зүйл гаргуулчихав. Хуучин оны өнгөт мэндчилгээний цаасаар пирамид, шоо, гурвалжин гээд л хөөрхөн дүрснүүд хийгээд л мөнгөн саагаар уяаг нь хийж гацууртаа өлгөөд эхлэв. Төвийн жижигхэн хүүхдүүд ч нэг нэг цаас барьчихсан том хүүхдүүдийнхээ үйлдлийг даган дуурайж хийх бөгөөд заримынх нь хийсэн тоглоом гацуурын мөчирт хэтэрхий томдохоор болсон байх аж.

Нэг мэдсэн Обод, Оргио, Ганаа бид дөрөв ч тэдний дунд орчихсон цаас, цавуугаа булаалдаад л тоглоом хийж өгч байнаа. Гэнэт бие биенээ харснаа инээлдэнгээ бас тэрүүхэндээ бяцхан ичингүйрч тэгснээ бас өөрсдийгөө зөвтгөн энэ цэцэрлэгийн багш, бага ангийн багш нар яагаад хүүхэд шигээ болчихдгийг одоо л ойлголоо гэх. Чин үнэнийг хэлэхэд тэдний дунд тоглоом хийхээр уралдан суухдаа би өөрийгөө насанд хүрсэн хүн гэдгээ мартчихсан байсан шүү. Ямар сайхан байсан гээч. Сэтгэл хөөрөөд л бүх юм гэрэл гэгээтэй тийм мэдрэмж надад өөрийн эрхгүй төрж байв.

Алтангэрэл гэх 8 дугаар ангийн нэгэн хүү 3 охин дүүгийн хамт энэ төвөөр үйлчлүүлдэг аж. Хамгийн нуруулаг нь болохоор тэрүү төвийнхөө өвлийн өвгөн болох үүрэг авсан гэнэ. Тэр гэнэт үүргээ санасан байдалтай над уруу харснаа надад Санта Клаусын хувцас хэрэгтэй. Бэлэн нь бодвол үнэтэй л байдаг байлгүй, тэгээд ч таарах юм олдоо ч уу, үгүй ч үү, та надад 2-3 метр улаан даавуу аваад ирээрэй. Би ээжээрээ оёулнаа, ээж амжихгүй бол энүүний ээжээр оёулчихна, их сайн оёдог гэсэн гээд л хажуудаа байгаа жижигхээн хүүг заана.

Балжка хэмээх нэг сэргэлэн хүү зовлонгоосоо хуучлах нь ах эгч нартайгаа ирж байгаа жижигхэнүүд ч яах вэ, үгэнд орохдоо амар, харин энэ сургуульд орохоосоо өмнө цэцэрлэгт явж үзээгүй хүүхдүүд хүнтэй дасаж, үгэнд орохдоо их муу, ойлгохгүй юм гэх аж.

Ямартаа ч би чадныхан бид чаднаа гэсээр шинэ жилдээ өөрсдөө бэлдэж байгаа бөгөөд энэ сарын 27-нд тэмдэглэх юм байна. Хүсвэл та ч гэсэн очиж хамтдаа тэмдэглэж болно шүү.


 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax