2008-12-31
Ааваа би таныгаа ануухан байгаагаар тань л санадаг

Аав маань бурханы оронд очоод 11 жил болчихож, одоо байсан бол 61-нийхээ жилийг угтана гээд байж байх байсан даа. Ануухнаараа явчихсан болохоор хэзээ ч бидэнд өтөл болсон аав төсөөлөгдөхгүй. Миний аав эгэл жирийн хирнээ бас гайхамшигтай гэгдэх хүмүүсийн нэг байсан юм. Ингээд бодоод үзэхээр хүн бид бүгд эгэл бөгөөд эгэл бус гайхамшигт ертөнцүүд байх. Аавынхаа тухай гэнэт бичмээр санагдаад, тэр дундаа хувийн намтар түүхийн тухай өөрийн мэдэх хэсгээс бичихээр шийдлээ.

Архангайн аймгийн Цахир суманд 1948 онд төрсөн аав маань улаан нялзрай амьтан байхдаа л төрсөн ээжээсээ өнчрөн үлдэж, өвөө маань хөдөө гадаа их явдаг байсан тул 4 настай том хүүгээ садангийнхаа нэгэн айлд үлдээгээд харин өлгийтэй бяцхан хүүгээ хөрш айлынхаа бяцхан охиноор харуулдаг байв. Багадаа дүрсгүй гэж жигтэйхэн жижигхээн шар хүү байсан гэдэг. Одоо үе тэнгийнх нь нутгийн хүмүүс "ээ дээ мөн ч дэггүй хүүхэд байсан шүү" гэж толгой сэгсрэх нь олонтаа.

Өвөө ч бас амьжиргаатай. Аавыг хардаг байсан охин нас биенд хүрэв үү үгүй л өөрөөсөө 18 дүү түүнийг эхнэрээ болгоод авчихсан байгаа юм. Тэгэхээр аавыг маань эмээ маань л өсгөсөн хэрэг байгаа биз. Аавыг 6 настай байхад өвөө 10 нас хүрсэн ч сургуульд ороогүй байсан ахынх нь хамтаар Тариатын дунд сургуульд оруулчихав. Сахилгаггүй дэггүй ч суурь боловсрол гайгүй олж авсан юм шиг байгаа юм. Ямартаа ч тэр үеийнхэнд нийтлэг тохиолддог ёсоор дэггүй хүүхдийг дэвшүүлэн зайлуулах хөтөлбөрт хамрагдан бүрэн бус дунд боловсролын гэрчилгээгээ өвтлөөд Төв аймагт байдаг нэгэн ТМС-ийг буюу техник мэргэжлийн сургуулийг зорьжээ. 14 настай л байсан юм шиг байгаа юм. Тэнд ч мөн сахилга батаар тэнцээгүй тул энэ удаа шууд хөдөлмөрийн зах зээлд шилжих нь тэр. Тэгж яваад сүрьеэ гээч өвчин тусч жил шахам уулын аманд хориотой эмчлүүлэхэд дүүгээ дагаад хотод хүрээд ирсэн ах нь өдөржин хүнд ажил хийгээд орой нь хэдэн хуушуур боож бариад дүүгээ эргэдэг байсан аж.

За тэгээд дараагийн 10 жил үнэн бүрхэг. Аав маань нутагтаа эргэж очсонгүй. "Тэнүүлчин" амьдралаар амьдарч. Аз болоход энэ нийгэм биш байсан тул аав маань буруу замаар явсангүй. Сантехникч, цахилгаанчин хийгээд л явжээ. Өөрийн гэсэн орон байргүй тул нийтийн байранд тодорхой хугацаатайгаар амьдардаг байжээ. 1973 онд аав одоогийн Чингис Соосо гийн дэргэдхий нийтийн байраа чөлөөлж өгөх ёстой байв. Очих газар байхгүй тул аав ч нүүх гэж яарсангүй байтал дараагийнх нь айл нүүгээд ирчихэж. Найз нөхдийнхөөрөө амьдраад л хааяа нэг гүйцэт нүүгээгүй байрандаа очих хувцас хунараа солиод л, үнэндээ аав тэр байрнаасаа гүйцэт нүүх санаагүй байсан бөгөөд дараа жил нь орных нь айл одоогийн 4 дүгээр хорооллын эцэс буюу тэр үед 500 гэгддэг байсан газар уруу нүүхэд дагаад нүүсэн байгаа юм. Гайхаж байна уу, тэр айлд 19 нас дөнгөж хүрч явсан анагаахын дундын оюутан охин, ганц охиноо хүний газарт дагаад хамаг байдгаа орхиод л нүүж явсан ахимаг насны эр эм 2 амьдардаг байгаад нүүхэд нь манай аав хүргэн нь болчихсон дагаад явахгүй юу. Аль арван жилийн өмнө хөдөө 8 төгссөн аав маань өөрөөсөө өндөр боловсролтой эхнэр авсан тул аминдаа зөрүүгүй болох санаатай оройгоор 10 дугаар ангид сурах болж, хойтон нь эгч, дахиад 2 жилийн дараа би төрөв. Энэ үед тэр хавийн газар газарт ороод шинэ суурьшлын бүс нутаг болох Хайлаастад манайхан бөөнөөрөө шилжин суурьшицгаав. Хайлаастад манайх гэдэг айл жинхэнээсээ тусдаа гарч төд удалгүй бас дүү маань ч мэндлэв. Юу ч үгүй хоосноос эхэлсэн амьдрал овоо хөл дээрээ босоод манайх гэртэй, хөргөгчтэй, зурагттай, угаалгын машинтай гээд л тэр үеийн залуу гэр бүлд байх ёстой бүхнээ цуглуулж байтал 80 аад оны эхний хагаст нэгэн их хүнд бөгөөд эвгүй зүйл тохиолджээ.

Тэр үед аав маань нэгэн хүнс, барааны дэлгүүрт нярав хийдэг байж, тооллогоны дараа их хэмжээний бараа дутаж, улсын эд хөрөнгө идсэн уусан, шамшигдуулсан гээд л гүйдэг, суудаг 2 нярав хэрэгт орох нь тэр. Нөгөө нэг нярав нь би хийсэн хэрэггүй гэхдээ эд хөрөнгө дутсан өөр гарц байхгүй бол өгөх төлөх мөнгө байхгүй тул өөрөө биерээрээ төлбөрөө хийе гээд "аав"-ынд суучихав. Гурван нялх хүүхэдтэй аавд тэгэх эрх байсангүй, би төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулья л гэж, тэгээд манай гэрийн өнгөтэй өөдтэй бүгдийг нэг л өдөр хүмүүс ирээд хураагаад авчихаж билээ. Тэр нь ч мэдээж төлбөрийг нь барагдуулахгүй тул өвөө эмээ 2 хамаг хадгаламжаа шавхаад дээр нь ээжийн садангийн нэг ах одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын буюу Мандалын тариалангийн талбайн шон хатгах хүнд хүчирч хөлс мөнгө сайтай ажил олж өгсөн тул аав, ээж, аавын ахын том хүү, өвөө бас би бид хэд тэнд бараг 3 сар ажиллав. Миний ажил хийдэг гэж юу байхав дээ. Өвөөгөө дагаад л намирч явахгүй юу. Гэрт эмээ маань эгч дүү 2той үлдсэн байв. Догшин газар хөндөх ч бас аюултай юм билээ. Ноён уулын энгэр хормойг ухсан тул байгаль дэлхий хариуд нь хатуурхаж бүгд л өвдсөн юм. Ээж маань 20 орчим жилийн турш онош нь тогтоогдооггүй хэцүү өвчнөөр өвдөж, аавын ахын хүүгийн нэг чих нь дүлийрч, аав өөрөө элэгний өвчтэй болсон, хамгийн аймаар нь өвөө маань хотод очсон даруйдаа тархинд нь цус харваад хүний гарт орчихсон, хамгийн гайгүй нь би толгой тойроод битүү яр гарчихсан, бас хүзүү гилжийчихсэн гэхдээ хамгийн амархан засал авсан нь мэдээж би.

Ингээд манай гэр бүлийн амьдралыг эмэгтэйчүүд авч явах хариуцлагатай цаг ирэв. Өвөө эмнэлэгт байнгын сахиуртай, сахиур нь мэдээж ажилгүй болсон аав маань, ээжийн цалин яагаад ч 2 гэр бүлийнхнийг тэжээж хүрэхгүй тул эмээ маань цэвэрлэгч гэдэг ажилд оров. Хадам аавыгаа сахиад суухдаа аав амьдралдаа их гутарч байсан байх, харин тэр үед хэн нэгэн хүн аав маань "чи үнэхээр буруугүй юм бол нягтлан чинь дансны аргаар дутааж дээ. Энэ хэрэг ч илрэхээсээ өнгөрсөн байх, магадгүй нэгэн цагт чи өөрөө мундаг сайн нягтлан болоод тэр данс бичгийг шалгах боломж олдвол энэ хэргийн учрыг тайлж юуны магад" гэж. Ямар ач буянтай хүн тэнд байж таарсан ч юм. Бурханд талархая. Аав тэр жилээс шууд л нягтлан болохоор шийдэж их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэж эхлэв. Аавыг дуурайгаад ээж ч эмч болохоо шийдэж анагаахын дээдийн элсэлтэд бэлтгэв. Энэ зүгээр хүсэл байсангүй, үнэхээр амьдралд ялах тэмүүлэл байсан юм. Аав шалгалтын дараа Эрхүүгийн Эдийн Засгийн Дээд Сургуульд явах болж харин ээж тэнцсэнгүй. Хөөрхий ээж маань гэр бүлээ тэжээнэ. Дээр нь  3 хүүхэд, өвчтэй аав, тэгээд анхнаасаа нөгөө төлөвлөгөө нормоо чухалчилдаг улаан коммунист зан гээдл тэнцэхэд ч үнэхээр амаргүй байсан байх.

Мэдээж аав хойшоо явсангүй МУИС-ийн эдийн засагт оройгоор суралцаж эхлэв. 35 насандаа оюутан болсон хэрэг. 20 жилийн өмнө 8 дугаар анги төгсөж, 10 жилийн өмнө 10 дугаар ангиа дүүргэсэн хүн гэхэд мундаг байгаа биз. Би аавыгаа их сайн санадаг, манай аавд уншиж үзээгүй ном гэж лав бараг байгаагүй, дэлхийн улс төрийн гэх газарзүйн зураг дэлгээд л хаанаас нь ч асуусан улс орон, нийслэл, байршил, тухайн улсын улс төр, эдийн засгийн тухай бүгдийг нь хэлчихдэг, хамгийн гайхамшигтай нь цээж тоондоо янзтай 8 оронтой тоог 8 оронтой тоотой харьцуулан дөрвөн аргаар цээжээр бодчихно. Тооны машинд багтахгүй тул бид цаасан дээр буулгаж хариуг гаргах гэсээр байтал аав хариуг нь цаасны булан дээр биччихээд цай эргүүлдээд яваад өгдөг байв. Аравхан жил нягтлан бодогч гэдэг ажлыг хийсэн ч үнэхээр сайн нягтлан гэгддэг байсан билээ. Өмч хувьчлалын үед аавын хариуцдаг байсан дэлгүүр болох одоогийн 3 дугаар хорооллын эцсийн Элба электрон барааны дэлгүүрийг хувьчлах болж, аав маань элэгний хатуурал гэх оноштой бие нь тааруу байсан ч " аав нь яг долоо хоног л ажиллана, тэгээд дараа нь та нарын хүссэн хугацаанд эмчилгээгээ хийлгэнээ" гэж гүрийсээр 6 дахь өдрөө эмнэлэгт хүргэгдээд 7 дахь өдрөө ком гээчид орчихсон бөгөөд бид дахин аавыгаа сэрүүнээр олж хараагүй. Аавыг санаж байна.



Сэтгэгдэл:


s
bi ch gesen aimaar ih sanaj baina
Бичсэн: s (зочин) цаг: 10:24, 2009-4-14 | Холбоос | |


дэлхийд нэртэй монголын дээдсийн нутгийн хүүхэддээ чиний аав
архангай Цахирын ард түмэн гэж тийм л ухаант ард түмэн байдаг юмаа. Дүүгийн бичсэнийг уншаад баярлах бахдах харамсах хайрлах юм юм бодогдлоо. Би ч бас Ар цахирын нутагтаа адуу тарвага хоёрын дунд өссөн дөө. Эрхэм дүүд амьдралын сайн сайхныг хүсье.

b_kheer@yahoo.com
Бичсэн: Зочин цаг: 05:29, 2008-12-31 | Холбоос | |


setgel hudulchluu
saihan bichjee
Бичсэн: Обдоо цаг: 05:17, 2008-12-31 | Холбоос | |


Аав уул нөмөр нөөлөгтэй томоо уул шиг санагддын.
Аавын чинь дурсгалыг хүндэтгэе.
Бичсэн: gangaa цаг: 04:55, 2008-12-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant